АРХИГҮЙ АМЬДАРЧ БОЛДОГ ЮМ номын эхний бүлэг

Карл Густаф миний бие сүүлийн 25 жил бөмбөрцөг дээрх 60 гаруй улсад зорчиж, баахан л номлолоо. Хэнийг ч үл ялгах Бурханы хайр нигүүлсэлийн.

Карл Густаф миний бие сүүлийн 25 жил бөмбөрцөг дээрх 60 гаруй улсад зорчиж, баахан л номлолоо. Хэнийг ч үл ялгах Бурханы хайр нигүүлсэлийн тухай ярьж, өдгөө Есүсийн ачаар Бурханаас уучлал, сэргэлтийг хүлээн авч, амьдралаа цоо шинээр эхлэх боломж хүн бүрт байдгийг ч хэлж өглөө.

Ингэж явахдаа гол харламаар амьдарч яваа олон ч хүнийг харлаа. Тэдний энэ их зовлонгийн эзэн нь архи байх нь даанч олон. Архины хор, гор, аймшиг, эмгэнэлийг үзэхдээ өөрийн эрхгүй Моникатайгаа (гэргий минь) гэр бүл, үр хойчийнхоо төлөө гаргасан шийдвэрээ эргэн санав. Тэгээд шийдвэр маань биднийг ерөөхөөр барахгүй, ямар гээчийн аймшигаас хамгаалсаныг ухаарч билээ.

Моника бид хоёр хориодхон насандаа гал голомтоо бадраахдаа л манайх гэдэг айл архигүй аж төрнө гэж шийдсэн юм. Нэг шалтгаан нь бид хоёр хоёулаа хүүхэд байхдаа архичин хүмүүстэй ажиллаж байснаас тэр. Тэр хүмүүст туслачих юмсан хэмээн үнэн голоосоо бөнжигнөж явахдаа, архи хүний амьдралыг юу болгодгийг нүдээр үзсэн юм. 

Энэ бүхэн л намайг ном бичихэд хүргэлээ. Би танаас шулуухан л асууя. Харин та сайн бодоорой: Та үнэхээр архийг амьдралынхаа хэсэг байлгамаар байна уу? Өөрийнхөө төлөө, өрөөлийн төлөө архийг зүгээр л хаяж, цоо эрүүл амьдрахгүй байх ямар шалтгаан танд байна?

Би үүнийг цэвэр үүрэг хариуцлагын л асуудал гэж үздэг. Өөрийнхөө, гэр бүлийнхээ,  үр хүүхдийнхээ, чуулганыхаа, хотынхоо, улсынхаа төлөө үүрэх ёстой үүрэг хариуцлага. Бид архинд орсон хүмүүсийн тухай бодох ёстой- бидний бодсоноос ч олон хүн байгаа даа. 

Сайн мэдээ бол радикал мэдээ. Есүсийн дагалдагч бид өөрчлөхөөр дуудагдсан хүмүүс. Бид дэлхийн давс, гэрэл, үлгэр жишээ байхаар дуудагдсан. Бид өөрөөр амьдрахаар - амьдралын өөр хэв маягаар аж төрөхөөр дуудагдсан. Архийг хэрэглэх юмуу зайлсхийх нь “аврагдах уу эс аврагдах уу” гэдэг асуудал биш боловч, Христэд итгэгч таны архигүй амьдрал танд болоод амьдралынхаа турш уулзаж учрах хүмүүст тань амин чухал гэдэгт би итгэдэг.

Уппсала хот
2011 оны 10-р сар

Карл-Густаф Северин 

-----

БҮЛЭГ 1

АРХИ МИНИЙ АМЬДРАЛД 

Би өөрөө тайван, аюулгүй гэр бүлд өссөн бас ч хувьтай хүн билээ. Аав, ээж маань ёс жудагтай хүмүүс. Аав маань Шведийн Ваттенфол цахилгаан станцад насаараа  цахилгаанчин хийсэн, харин ижий минь олон жил ар гэрийн албыг хашин, бидний хэдэн жаалыг хүн болгоод, нилээд хожуу улсад ажилласан юм. Ээж намайг бага байхын л чуулганы төрөл бүрийн найрал дуунд дуулна. Тэгээд заримдаа намайг хөтлөөд чуулганд явдаг байлаа.

Манай гэрт архинаас болж сүйдтэй асуудал дэгдэхгүй ч, аав хааяадаа нэг балгачихна. Хөлчүү аавыгаа харах бүртээ би архийг жигшдэг байв. Аав архи уухаараа шал согтож, тас үсрэхгүй ч, тэс өөр хүн болж хувирдаг байсанд би голоосоо дургүй байлаа. Тэр хүн миний аав биш, танихын аргагүй өөр хүн байв.

Аав, ээж нь архи уухад хүүхдийн зүрх шархладаг. Тиймээс аав, ээжийнхээ архидалтаас болж зовж яваа хүүхдийн тухай дуулахаар элэг эмтэрдэг юм. Согтуу аавыгаа харахад ямар байдгийг би мэднэ.

Манайх Шведийн Смаландын Гиславэд гэдэг хөдөөгийн жижиг хотод аж төрдөг байв. Тэндхийн оршин суугчид олон нийтийн газар архидан согтуурна гэж байхгүй. Ууж идэхдээ тулбал гэртээ л ууна. Гэхдээ танхайн бүлгүүдийн хувьд байдал өөр байв. Тэд шар айраг, хатуу юмыг хаа хамаагүй хэрэглэж, Баасан гариг шөнө бүр хотоор нэг давхилдана. Жолооч нь эрүүл хэдий ч, бусад нь гар гартаа лаазтай шар айраг атгасан согтуучууд.

Архинаас болж гэр бүл, гэрлэлт сүйрэхийг би үзсэн. Хөрш айлын маань хорин тавхан настай бүсгүй архинд орохыг ч үзсэн. Танхайн бүлгүүдийн байнга үйлчлүүлдэг шар айргийн  мухлагт ажилладаг тэрбээр орчиндоо идэгджээ. Өөрчлөгдөж, задарч, эрчүүдтэй явалдаж, эр нөхрөө хаяж, гэр бүлээ нураав. Өөр хүнээс хүүхэдтэй болсон ч, тэр нь сайхь бүсгүйг ч, төрсөн үрээ ч тоосонгүй. Сархадтай нөхөрлөснөөс болж хайран хүн яайран болохыг харах дэндүү харамсалтай. 

Гэтэл спортод бол шууд л хэлдэг: Уухыг хориглоно! Би өөрөө хоккейчин явлаа. Дасгалжуулагч нар ч биднийг хатуу гараар сургана. Тэнд уухыг хатуу хориглоно. 

Залуус танц эргэхээрээ хатуу, хүнд хар тамхи хэрэглэхгүй ч, архи заалттай ууна. Харин миний бие хэзээ ч архинд татагдаж явсангүй. Ганц хоёр удаа шар айраг шимж үзсэн ч, заваан амтыг нь ч тэвчээгүй учраас тэгээд орхичихсон юм. 

“БИ УУХГҮЙ!” ЭНЭ БОЛ МИНИЙ ХҮҮХЭД БАЙХДАА ГАРГАСАН ШИЙДВЭР 

“Би хэзээ ч архи уухгүй.” Найм байна уу, естэй байхдаа л би ийнхүү хатуу шийдсэн юм. Угаасаа ч тиймэрхүү юмд дурладаггүй байв. Тэгээд 13 хүрээд найзууд маань ууж эхлэх үед би тэр замаар замнасангүй. Зүгээр л замнах хүсэл төрөөгүй юм.

14 хүрээд би Есүсийг дагалаа. Хэдэн жилийн дараа манай чуулганд сэргэлт ирж, архинд донтсон олон хүн Эзэнд итгэв. Энэ үеэс л би архичин хүмүүстэй ажиллаж эхэлсэн юм.

Ер нь манай чуулган энэ талаар маш их ажил хийж, тэр нөхөдтэй өдөр, шөнөгүй ажилладаг байлаа. Гэрээр нь ч халамжилна, чуулганд ч халамжилна. Архи тэдэнд яаж нөлөөлсөн бөгөөд нөлөөлсөөр байгааг тэгэхэд би харав.

Зарим нь ана мана үзэлцсээр, архинаас бүрэн чөлөөлөгдөнө. Тэдний нэг бол Овэ. Бид хоёр зэрэг баптисм хийлгэсэн юм. Овэ архины донгоос бүрэн чөлөөлөгдөж, төгс сэргээгдэв. Бурхан архины донтой хүнийг аврахыг харах нь надад маш чухал байлаа.

Хожим 16 настайдаа чуулганд ирээд, архины донтой хүмүүст туслах янз бүрийн хөтөлбөрт ажиллах нь хэвийн л зүйл болов. Тэр үед би Линниа, Бакка гэр зэрэг олон газар ажиллав. Бид уулзалт хийж, ярилцаж, дуулж, мөнгө босгоно. 

Миний санаанаас Рагнар гэдэг хүн ер гардаггүй юм. Тэр дөнгөж аврагдаад байв. Рагнар уран зураач, уран барималч, график дизайнер хүн. Ажил мэргэжилдээ амжилттай. Ямагт ганган хээнцэр хувцаслана. Ер нь цаанаа л нэг эрх ямбатай эрхэмсэг. Гэхдээ Рагнар уудаг байв.

Нэг удаа би түүнийг эргэхээр гэрт нь очлоо. Хүн тийм нөхцөлд аж төрж болно гэж ёстой санасангүй. Босгоор нь даваад, ийм сайхан хүн тийм хороонд амьдарч буйг хараад айдаст автав. Архи, шивтэр хан хийсэн тэр гэрт хэдэн жил хүний гар хүрээгүй аж. Би тэр аймшгийг харж тэсэлгүй, хамаг гэрийг цэвэрлэчихэж билээ.

Рагнар бид хоёр түүнийг архинаас чөлөөлөгдөхийн төлөө байнга хамт залбирна. Тэр  дандаа л “чөлөөлөгдчихлөө” хэмээн Бурханд талархана. Тэгээд хэсэгтээ уухгүй явж байгаад дахиад л ууна. Энэ явдал ахин дахин давтагдана. 

Сүүлдээ Рагнарын хувь заяа намайг боомилж эхлэх үед би ямар хүчирхэг зүйлтэй үзэлцэж буйгаа ухаарсан юм. Авъяас уртай, сор болсон хүмүүсийг сүг болгон хувиргагч архийг би улам л жигшив. Рагнар шиг мөнгөтэй хүн өмхий өрөөндөө өнчрөхийн оронд сайхан гэр бүлтэйгээ хүссэн байшиндаа хүн шиг аж төрж болох л байсан. Түүний амьдрал нүдний минь өмнө хөмөрсөн юм. 

Дараа нь яасан гэж үү? Рагнар хэсэгтээ ажлаа хийсэн боловч, яваандаа байдал шал дордож, золгүйеэ нас барсан юм. 

Рагнарын түүхийг би хэзээ ч мартахгүй. Түүнээс хойш би явсан газар бүртээ яг ийм түүх олныг сонссон. Архи нь хүний амьдралыг юу ч үгүй болгодог аймшигт хар хор болохыг цаг хугацаа ч батлан харуулсаар. Архины хорт үр нөлөөнөөс дархлагдсан юмуу хамгаалагдсан хүн ширхэг ч байхгүй.

___
"Архигүй амьдарч болдог юм" номын тухай