БИ ХЭНТЭЙ ГЭРЛЭХ ВЭ? номын эхний бүлэг

Нэрт дуучин Глориа Естефан “Хүн сонголтоороо хувь тавилангаа тамгалдаг” гэж дуулдагсан. Яг үнэн! Та гаргаж буй шийдвэрээрээ.

Нэрт дуучин Глориа Естефан “Хүн сонголтоороо хувь тавилангаа тамгалдаг” гэж дуулдагсан. Яг үнэн! Та гаргаж буй шийдвэрээрээ амьдралаа шийддэг. Ер нь хүний амьдралын амин чухал шийдвэрийн нэг нь “гэрлэх үү, эс гэрлэх үү” гэдэг асуудал юм. Гэрлэхээр шийдсэн бол чухам хэнтэй гэрлэх нь бүр ч нарийн асуудал. Учир нь зөв хүнтэй гэрлэсэн хүний амьдрал газрын диваажин болдог. Харин буруу хүнтэй гэрлэсэн хүний амьдрал амьдын там болдог. 

Кон Хи: Би хэнтэй гэрлэх вэ номыг та Мараната номын дэлгүүрээс авах боломжтойЭргэн тойрноо ажахул, хүмүүний аж амьдрал муухан шийдвэрийнхээ үр дагавар дунд живжээ. Эмтэрсэн зүрх, сүйдсэн айл гэр, сүйрсэн амьдралаар нийгэм маань сагаж байна. Үсрэнгүй хөгжилтэй гэгдэх зарим улс оронд хоёр эсвэл гурван гэр бүл тутмын нэг нь салалтаар цэглэж байна. Манай Сингапурт л гэхэд сүүлийн хорин жилийн дотор гэр бүлээ цуцлуулах явдал гурав дахин нэмэгдснийг 2004 оны Сингапурын Статистикийн Газрын тайлангаас харж болно. Үүний уршгаар хүмүүс гэрлэлтийг насан туршийн, гэрээт үнэнч зориулалт гэхээс айж, аль болох зайлсхийх болжээ. Орой гэрлэх эсвэл огт гэрлэхгүй байхыг эрмэлзэх хүмүүс улам нэмэгдсээр байна. 

Сингапурчуудын анхны гэрлэлт улам оройтож буйг 1996 оны Нийгмийн Хөгжлийн Хэлтсийн судалгаа бас харуулав. Эрчүүд дунджаар 30 насандаа, эмэгтэйчүүд 27 насандаа анх удаа гэрлэх болжээ. Их дээд сургуулиа дүүргэсэн хүмүүсийн хувьд ажил, мөнгө, байр, боловсрол сэлтийг гэрлэлтээс эрхэмлэж, харин сургуулиа төгсөөгүй залуус гэрлэж байснаас хөл дүүжлэх унаатай болохыг чухалчлах болов! 

Тэгэхээр гэрлэлт нь ял аятай хүлцэх ёстой, тийм аймшигтай зүйл юм гэж үү? Мэдээж үгүй!

Хайр сэтгэлийн харилцаа гэдэг амархан юм биш. Олон хос гүүр барихын оронд хана босгодог учраас хоёулаа атлаа ганцаарддаг. Өөр нэг хүнтэй харилцааны гүүр байгуулж, холбогдоход зан чанар хэрэгтэй. Өөрийнхөө төлөө л амьдраад байх бус, өөр нэг хүнийг халамжилж, хуваалцаж, хамгаалж, хангахад зан чанар хэрэгтэй. Хайраа харуулж, уучлалаа үзүүлэхэд зан чанар хэрэгтэй. 

Ханиа зөв сонгоё 

Эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн дотор орогнох хар амиа хичээсэн, олиггүй мөн чанарын урхагаар гэрлэлт бэрх асуудал болжээ. Зөв гэрлэсэн тохиолдолд л гэрлэлт ерөөл болно. Гэхдээ хамгийн гол нь ханиа яаж зөв сонгохыг хэн ч бидэнд зааж өгдөггүй нь асуудлын гол ээдрээ юм. Ихэнх хүн хэнтэй харилцаа байгуулахав гэхээсээ ямар байр, унаа авахав гэдэгт тархиа гашилгадаг. Хэн ч зориуд буруу хүнтэй ханилахыг хүсэхгүй. Хайр сэтгэлийн харилцаа нь болж бүтэж, аз жаргалтай амьдрахыг хүн бүр хүснэ. Гэхдээ олон хүн буруу хүнээ сонгочихоод, дараа нь хайр сэтгэл нь бүтэхгүй байгаад гайхдаг нь харамсалтай. 

Эцсийн эцэст хэнтэй насан туршийн амьдралаа холбох нь дан ганц танаас л шалтгаалах шийдвэр юм. Энэ бол цэвэр таны сонголт гэдгийг ухаарч ойлгоорой. 

Тэгэхээр ханиа хайх эрлийн ажлыг хэн хийх ёстой вэ? Та! Энэ нь таны өөрийн сонголт. Хийх сонголтоороо та сайн эсвэл муу үр дагавар авчирна. 

Хүн яагаад хайр сэтгэлтэй болдог вэ?

Танд яг тохирох, хамгийн зөв хүн мөн гэдгийг яаж мэдэх вэ? Яагаад чухам яг тэр залуу эсвэл бүсгүйд дурласныг нь асуухад, хүмүүс голдуу иймэрхүү л юм хэлдэг: 

• “Би Бүжинтэй фитнес клубт танилцсан. Түүний спортоор хичээллэж буй эрч хүчтэй байдал нь миний харцыг шууд булаасан”. 
• “Би Соёлтой хамаатныхаа хурим дээр учирсан. Тэр маань задгай ягаан даашинзтайгаа ямар хөөрхөн харагдаж байсан гээч. Би шууд л дурласан”. 
• “Амар бид хоёр нэгэн төсөл дээр томилогдсон юм. Түүний ажил хэрэгч, бүтээлч  сэтгэлгээ, дүр төрх намайг өөрийн эрхгүй олзлосон”. 
• “Миний хуучин нөхөр амиа бодсон, хар бэртэгчин байсан. Харин Сод бол тэс өөр, сайн залуу. Тэр ямагт эелдэг зөөлөн, ухаалаг байдаг”. 

Эдгээр нь хайр сэтгэлийн харилцаа эхлэх зөв шалтгаан мөн үү? Биш! Бүжинд татагдсан залуу ердөө л “Бүжин бол спортод дуртай, гоолиг бүсгүй” гэдгийг л мэднэ. Соёлд дурласан залуу ердөө л “Соёл задгай, ягаан даашинзтайгаа “тасархай” гэдгийг л мэднэ. Амарт сэтгэл алдарсан бүсгүй ердөө л тэр залуугийн бизнес ур ухаанд дурлажээ. Гэтэл Амар аль хэр сэтгэл мэдрэмжийн ур ухаантай хүн бол? Содын найз хүүхэн ердөө л “Сод бол хуучин бэртэгчин нөхрөөс нь тэс өөр” гэдгийг л мэднэ. Гэхдээ Сод түүнд тохирох, сайн хань болж чадах болов уу? 

----

1-р бүлэг

ХАЙРЫН ТАЛААРХ АЮУЛТАЙ ГУРВАН ДОМОГ


Ихэнх хүн хайр сэтгэлийн талаар үлгэр домгийн шинжтэй итгэл үнэмшил тээж явдаг учраас бодлоготой, ухаалаг сонголт хийж чаддаггүй. Иймэрхүү худал сэтгэлгээ, итгэл нь зурагт, кино, уянгын зохиолоор тэжээгдэн, хүний тархинд боловсрон цэцэглэдэг. 

Нэгдүгээр домог: Жинхэнэ хайр сэтгэл бүхнийг ялан дийлнэ

 

Би хайртыгаа бүх зүрхээрээ үлэмж хүчтэй хайрлаж чадбал, бид насан турш аз жаргалтай амьдарна гэдэгт хүн бүр л үнэн голоосоо итгэхийг хүсдэг. Өөрөөр хэлбэл, би л түүндээ хайртай байвал: 

• “Найз залуу минь архины донтой ч гэсэн зүгээр.” 
• “Найз бүсгүй минь намайг хараадаг ч гэсэн зүгээр.” 
• “Найз бүсгүй минь арчаа муутай ч гэсэн зүгээр.” 
• “Найз залуу минь жаахан залхуу ч гэсэн зүгээр.”
• “Найз бүсгүй минь харгис хэрцгий ч гэсэн зүгээр.” 
• “Найз залуу минь жаахан хүүхэмсэг ч гэсэн зүгээр.”
• “Найз бүсгүй минь хүүхэдтэй болохыг хүсдэггүй ч гэсэн зүгээр.”
• “Найз залуу минь сэтгэл санаагаар жаахан тогтворгүй ч гэсэн зүгээр.”
• “Найз бүсгүй минь одоохондоо “эксээ” мартаж чадахгүй байгаа ч гэсэн зүгээр.”
• “Бид хоёр олон насны зөрүүтэй ч гэсэн зүгээр” гэдэг. 

Библид ийм нэгэн түүх бий. Исаак гэдэг нэгэн залуу эрийн цээнд хүрч эхнэр авах нас болов. Ребека гэдэг бүсгүй ч хүний гэргий болох нас гүйцжээ. Гэхдээ тэдэнд нэг асуудал байлаа: хархүү нь Канаанд, сүйт бүсгүй нь Месопотамид аж төрөн сууцгаадаг байв. Исаакын аав, уяруун Абрахам хөвүүндээ ийн хэлэв: “Исаак, миний хүү эрийн цээнд хүрлээ. Гал голомтоо асаа нь байгаа!” 

Гэтэл хүү өөдөөс нь: “Аав аа, би хавийнхаа бүх охидыг сонжлоо. Дөмөг охин ганц алга. Нэг нь ч сэтгэлд нийцсэнгүй!” гэв. 

Абрахам: “Хүү минь санаа бүү чилээ. Аав нь зарц Елезерээ мордуулъя. Тэр чамд сэтгэлийг чинь цогиож, удмыг чинь бөхлөх охиныг олж авчраг!” гэжээ. 

Елезер Месопотамид очоод Ребека хэмээх тунчиг ажилсаг, хичээнгүй охиныг олж Канаанд авчрав. Хос залуус бие биеэ олж харсан даруй л дурлав. Удсан ч үгүй нижгэр хурим хийв. Энэ бол жинхэнэ гайхамшигтай, мөрөөдлийн гэрлэлтийн  бүхий л жорыг шингээсэн түүх мөнөөс мөн: (а) эцэг эхдээ дуулгавартай, (б) Бурханаас ирсэн гайхамшиг, (в) хичээнгүй хань (г) тэгээд хамгийн гол нь хайр сэтгэл!
Гэхдээ энэ үнэхээрийн амар сайхандаа жаргасан аугаа гэрлэлт байсан уу?  Түүх цааш хэрхэснийг мэдмээр байна уу? 

Хожим Исаак Ребекаг хаанд шивэгчнээр өгчээ. Ребека хүүдээ аавыгаа хэрхэн дөнгөхийг сургаж, хүү нь эцэг өвгийнхөө ерөөлийг заль мэхээр олж авав. Ребека хэмээх энэ ганц эмэгтэй Исаакын бүлд бөөн хэрэг түйвээж, хамаг голомтыг нь самарчихав!

“Надад жинхэнэ хайраас өөр юм хэрэггүй” гэдэг нь ердөө л үлгэр домог юм. Жинхэнэ аз жаргалтай гэрлэлтийг цогцлооход уянгын халилтай үерхлээс хавьгүй том зүйл хэрэгтэй. Энэ домогт автах нь хоёр муу үр дагавартай. Нэгдүгээрт, та харилцааныхаа бодит асуудлыг олж харж, шийдвэрлэж чадахгүй. “Бид хоёр бие биедээ хайртай л байвал, энэ бүх зан чанарын ялгаа, зөрчил юу юм бэ? Тийм биз дээ?” Тийм биш ээ. Та буруу ярьж байна. Хоёрдугаарт, нөхцөл байдал хэцүүдэх тоолонд та өөрийгөө буруушаана. “Би л буруутай. Би л түүнийг хангалттай хайрлаж чадсангүй. Би түүнийг хангалттай хайрлаж чадах л юм бол, хайр сэтгэлээ аварч чадна”. 

Гэтэл бодит үнэн болбоос хайр сэтгэлийн харилцааг амьдруулахад уянгын халил ба үерхэл хангалтгүй юм. Хайр сэтгэлийг амьдруулахад хослон зохицох чанар ба бүрэн үнэнч зориулалт хэрэгтэй.  

Хоёрдугаар домог: Жинхэнэ хайр анхны харцаар л танигдана  

Жинхэнэ хайрыг “анхны харцтай” агаар нэгэн хэмээн андуу итгэж явдаг хүн олон бий. Ялангуяа уянгын кино, хайрын дуу, зүүд мөрөөдөлдөө автсан ганц бие хүмүүс үүнд үнэмшдэг. Энэ домог гурван аюултай үр дагавартай: 

(а) Та харилцааныхаа үлдсэн хэсгийг ойшоохгүй өнгөрч мэдэх. Сэтгэл дүүрэн, аз жаргалтай харилцаа нь цаг хугацааг гаталж байж сүндэрлэдэг. Үерхэж буй олон хос харилцаандаа сэтгэл дундуур, аз жаргалгүй байдаг. Гэвч харилцаа нь бүтэхгүй байна гэдэг бодит үнэнтэй нүүрэлдэхийн оронд анх дурлахдаа мэдэрсэн мэдрэмжийнхээ дурсамжаар сэтгэлээ тайтгаруулан, асуудлаа үгүйсгэн, бүх юм сайхан болно гэсээр явдаг. 

(б) Та насан туршийн, жинхэнэ хайртайгаа учрах боломжоо алдаж мэдэх. Олон хүн “анхны харцаар дурлах” урхинд орчихсон явдаг. Хэрэв “нэг насныхаа хайр” дээр анхны харцаа тусгасан тэрхэн эгшинд тархин дундуур нь татаад авбуу гэлтэй тас няс хийсэн мэдрэмж төрөхгүй л бол тэр нь жинхэнэ хайр байх учиргүй гэнэ. Өндөр халуунтай энэ мэдрэмж нь тун аюултай юм. Учир нь тэрбээр энэ халууралтайгаа хөөцөлдсөөр яваад, найз охинтойгоо эсвэл найз залуутайгаа тогтоосон жинхэнэ хайрын харилцаагаа алдаж мэднэ. Сэтгэл огших мэдрэмж ганцхан эгшний явдал бол, жинхэнэ хайр цаг хугацааны аясаар хөгждөг гэдгийг мэдээрэй. 

(в) Та ямар нэг “имиж буюу дүрд” дурлаж мэдэх. Заримдаа та хэн нэгэнд дурлачихлаа гэж бодтол хэрэг дээрээ имижд дурласан байж мэднэ: түүний дүр төрх, хөрөнгө мөнгө, унаа тэрэг, амьдралаа цогцлоосон амжилтанд нь дурлачихсан байж мэднэ. 

• “Юу гээч? Миний шинэ найз залуу эмч ш дээ.” 
• “Найз нь саяхнаас согоо шиг хүүхэнтэй болздог болсон.”
• “Манай найз хүүхэн надтай адилхан гүйцэтгэх захирал.”

Та толгойдоо буй имижтэйгээ мөрөөдлийн харилцаанд орж, харин түүний цаана буй жинхэнэ хүнийг харахгүй байж болох. Гэтэл тэрхүү жинхэнэ хүн нь сэтгэлгээ болоод сэтгэлийн хувьд танд ер тохирохгүй байж мэднэ! 

Гуравдугаар домог: Төгс хос намайг төгс болгоно 

Энэ бол жинхэнэ үлгэр. Учир нь ийм юм хийж чадах хүнийг та хаанаас ч олохгүй. Бид хайр сэтгэлийн харилцаа эхлүүлэхдээ, хайртай хүн маань бидний хэрэгцээ бүрийг хангах учиртай гэж найддаг. Тэгээд чадахгүй болохоор нь эгдүү хөдөлж, урам хугарна.

Авах ба шаардах бус, өгөх ба хуваалцах нь жинхэнэ хайр юм. Зөв хань таны маш олон хэрэгцээг хангаж чадах ч, бүгдийг нь хангана гэж байхгүй. Харилцаа чинь дөнгөж эхлэж байхад та ганцаардаж байгаа бол, цаашид бүр ч их ганцаардана!