ТҮҮХИЙГ БҮТЭЭСЭН АРВАН ХӨВГҮҮН номын эхний бүлэг

Түүхийг бүтээсэн арван хөвгүүн номын эхний бүлгийг "Мараната хэвлэлийн газар"-аас толилуулж байна. Самүэль Рүтерфорд хүү хожим.

Түүхийг бүтээсэн арван хөвгүүн номын эхний бүлгийг "Мараната хэвлэлийн газар"-аас толилуулж байна. Самүэль Рүтерфорд хүү хожим хэн болох бол? Самүэль шатсан өндөр ханыг ширтэн зогслоо. “Сүрригийн Гүн 90 жилийн өмнө буюу 1523 онд Эдбүрг сүмийг галдан шатаажээ. Түүнээс хойш энэ газар хэд хэдэн удаа эзлэгджээ. Энэ сампирсан барилга өмнө нь ямар гайхамшигтай барилга байсныг төсөөлөхөд бэрх байгаа биз?” гэж багш нь хөвгүүдэд хэлэв.

Самүэль: “Эрхэм ээ, сүмийн дээвэр анхандаа өндөр байсан юм уу? Бусдаасаа арай л намхан санагдлаа” гэв.  
-“Тун сайн ажиглажээ. Түймрээс өмнө маш өндөр байсан юм. Галын дараа дээврийг нь солилгүй, намсгаад, сүмийг жижиг болгох гэж дотор нь хана барьсан. 

Мэдээж сурагчдын уулздаг Латинерсийн гудамж ч анхнаасаа сүм дотор байсан.”

Багш нь сурагчдаа шалгахаар:

“Яагаад Латинерсийн гудамж гэж нэрлэдэг болсоныг мэдэх үү?” хэмээн хамгийн жаахан хүүгээс асуусанд, тэрбээр эхлээд сандарснаа дараа нь мушигнан инээмсэглээд: “Бид тэнд Латин хэл сурдаг болохоор…” гэж хариулав. Багш нь инээд алдаад: “Нээрэн тийм шүү. Бид яг одоо Латин сурна” гэлээ. 

Самүэль эргэн тойрноо ажаад, Эдбүрг сүм шатахаасаа өмнө ямар байсныг төсөөлөх гэж оролдов.

Самүэль хичээлийнхээ дараа ах нартайгаа Нисбет тосгон дахь гэр рүүгээ алхаж явахдаа багшийнхаа заасан зүйлийн талаар ярилцжээ. 

“Хэдүүлээ замаар явах уу эсвэл Эд голоор явах уу?” гэж Жеймсийг асуухад, Жорж “Голоор явъя” гэлээ. Гурван хүү замаас гараад голын эргийг чиглэв. “Надад түүхийн хичээл таалагддаг” гэж Самүэль хэлэв. 

Жорж: “Хэдүүлээ Скотын цэргүүд болоод Сүрригийн Гүний цэргүүдийг  тагнаж тоглоё. Бонжевард хүртэл бургас дундуур хэнд ч харагдахгүй явъя” гэлээ. 

Ах нар нь үүнийг гэртээ харих сайхан арга байна гэж бодов. Тэд хоёр км орчим бургасаас бургас руу, хаднаас хад руу харайж явав. Зам дээгүүр болон Эд голын нөгөө эргээр алхаж буй хүмүүс жаалуудыг харсан ч үгүй, дуудсан ч үгүй. Жаахан шавар шавхай, өвстэй хутгалдсан нь тэдэнд бүр ч баатарлаг санагдав.

Жэймс: “Удахгүй очлоо” гэж шивнэтэл, тэдний нуугдаж байсан газрын цаанаас нэг хүн: “Юу гэнэ ээ?” гэж дуугарав. 

Бөмбөлөг хагарах шиг л болов. Яг зорилгодоо хүрэх нь хэмээн хөөрч явтал илрүүлчихдэг. Гэтэл өндөр настай нэг хүн гарч ирээд: “Нуугдаад байгаа юм уу?” гэлээ.

Самүэль бүхнийг тайлбарлав. Тэгтэл ноён Кер тэдний яриаг сонсоод инээв: “Би ч бас Бонжевард руу явж байна. Зам нийлбэл, би та нарт энэ газрын түүхийг ярьж өгье. Сүрригийн Гүн сүмийг довтолсоноос дутахгүй сонирхолтой түүх шүү. Яагаад гэвэл би хоёр нүдээрээ үзсийм” гэлээ. 

Хөвгүүд босоод түүнтэй явав. 

-“Намайг жаахан байхад эндээс зургаахан км-ын зайнд буюу Анкрумд том байлдаан болсон юм. Би одоо 76 настай. Тэр үед 6 настай байсан ч өчигдөр болсон юм шиг л тод санаж байна. Английн Хенри хааны илгээсэн цэргүүд эхлээд Лэйт боомтод буудаллаад, дараа нь Эдинбүрг рүү нэвтэрч, шатаасан. Түймэр дөрвөн өдөр үргэлжилсэн юмдаг.”

Хөвгүүд түүний ам руу орох шахам сонсож байв.

“Хенригийн цэргүүдийг өмнө зүг рүү явах үед зарим Шотланд гэр бүл дагаж явсан.”

-“Яагаад дагаж явсан юм бэ?” хэмээн Жоржийг асуухад өвгөн Кер: “Магадгүй дагаж явахгүй бол ална гэсэн байх. 1545 оны 2-р сард цэргүүд Анкрум Мүүрт хүрээд, тэндээ буудалласан. Байлдсан газар нь хаана байгааг та нар мэдэх үү?”

-“Мэднэ, мэднэ. Эндээс тавхан км-ын зайд…”

Ноён Кер түүхээ үргэлжлүүлэв: “Англи цэргүүд Брүмхилийн Цамхагийг дотор нь байсан настай авгайтай нь, гэр бүл, зарц нартай нь шатаасан гэсэн мэдээ Шотланд цэргүүдийн уур хилэнг бадрааж, тэд Англичуудтай байлдахдаа “Брүмхаусыг санаарай!” хэмээн орилолдон, довтолж байсан. Тэд нар шингэх хүртэл Англичуудтай нэгийгээ үзэн,  тарааж хаясан шүү. Тэр өдөр Анкрум Мүүрт 800 Англи цэрэг үхсэн.” Хүүхдүүд түүний ярианд бүр орсоныг хараад, өвгөн яриагаа төгсгөх баатарлаг мөр хайн: “Энэ бол миний багын дурсамж. “Брүмхаусыг санаарай!” гэсэн орилдоон болон сэлэмний цавчилдаан. Та нарт ч бас мартагдашгүй дурсамж байгаа л байх.”

-“Чи ноён Керд түүхээ ярихгүй юм уу?” хэмээн Жеймс, Жорж хоёр дүү рүүгээ харлаа.
“Би танд хамгийн тод дурсамжаа хэлэх үү?” гэж Самүэль Керээс асуув.

-“Тэгэлгүй яахав.”

-“Нисбер тосгонд нэг худаг байдаг. Ус нь гурван тохой гүнзгий. Би нэг өдөр тэнд найзуудтайгаа тоглож байгаад дотор нь уначихсан. Найзууд маань тусламж дуудахаар явсан хойгуур нэгэн цагаан хувцастай, сайхан сэтгэлтэй эрэгтэй хүн намайг татаж гаргасан. Найзуудыгаа хүн дагуулж ирэх үед би хэдийнээ өвсөн дээр аюулгүй сууж байсан.”

“Цагаан хувцастай тэр хүн чинь хэн байсан бэ?” гэж ноён Керийг асуухад, Самүель “Би Түүнийг танихгүй” хэмээв.

-“Тэр чинь тэнгэр элч байсан юм уу?”

Самүель толгой сэгсрээд: “Би түүнийг танихгүй. Гэхдээ энэ бол миний хамгийн тод дурсамж юм” гэлээ.  Самүель түүхээ ярьж дуусахад тэд Бонжевардад хүрсэн байв. Хөвгүүд ноён Керээс салан, Тевиот голоос цааш гэр хүртлээ дахин 1,6 км  өвсөн дундуур алхжээ. Тэд замаараа худгийн хажуугаар өнгөрөв.

Самүель 17 настай байхдаа Эдинбрагийн оюутан болов. 1621 онд төгсөөд дараа нь профессор болжээ. Гэхдээ дөрвөн жилийн дараа ажлаа хүлээлгэж өгөөд, ихэнх цагаа теологи судлахад зориулав. 1627 онд тэр Анвот руу нүүж, тэндээ үйлчилжээ. Самүель хэзээ Христэд итгэснийг би мэдэхгүй. Гэхдээ түүний зүрх сэтгэл Есүсийг гэсэн хайраар дүүрэн байв.

“Та Сальвей Эргийн талаар юу гэж боддог вэ?” хэмээн сүмийнх нь нэг хүн түүнээс асуув.

Самүель: “Энэ бол Шотландын сайхан нутаг. Сүм нь ой мод, уул, далайгаар хүрээлэгдсэн, их сайхан газар. Би энэ нутагт хэдийнээ дурласан. Хүмүүс ч ихэд дурлаж байх шиг.”

Нөгөө хүн дахин юм ярих гэсэн боловч Самүель:

-“Би тэнд малаа хариулж байгаа хоёр хүнтэй ярилаа” гээд хүлцэл өчөөд яваад өгөв. Самүэль ийм маягаар чуулганыхаа залуустай нөхөрлөдөг байжээ.

Түүний явахыг ажиглаж зогссон хүн: “Рүтерфорд гоц гойд юмгүй, шингэн үстэй жирийн л хүн. Гэхдээ л нэг онцгой” гэж бодов. 

Самүэль хөвгүүд дээр очоод: “Сайн уу? Би шинээр ирсэн сүмийн үйлчлэгч. Та нарыг хэн гэдэг вэ?” гэж мэндлэв. 

Хөвгүүдийн нэг нь: “Намайг Томас гэдэг” гэтэл нөгөөх нь: “Намайг Арчи гэдэг” хэмээлээ.

-“За тэгвэл, Томас, Арчи, би та нарт сайн мэдээ дуулгая!” гэхэд, тэдний нүд нь сэргээд явчихав.
-“Эзэн Есүс Өөрөө сайн малчин. Тэр хамгийн сайн Хоньчин. Тэр та хоёрт бодсоноос чинь их хайртай!” Самүель хөвгүүдэд их таалагдав. Самүэль: “Баяртай, та нартай уулзахад таатай байлаа” гээд яваад өгөв.
“Ноён Рүтерфорд бусад үйлчлэгч нараас тэс өөр” гэж нэгэн тариачныг хэлэхэд, дүү нь: “Юугаараа өөр?” гэж асуулаа. “Ихэнх үйлчлэгч нар биднийг тамын галаар сүрдүүлж, Христчин болгохыг хүсдэг” гэтэл дүү нь: “Тэр ч тийм шүү” гэв. 

-“Ноён Рүтерфорд тамын галын тухай биш, Бурханы хайрын талаар номлодог. Тэр Бурханыг маш... маш.. маш биширмээр санагдуулдаг.”

-“Биширмээр! Наад номлол чинь тамын гал шиг хүчтэй байж чадах уу?” гэж дүү нь өөдөөс нь хэлэв.
-“Бид ноён Рүтерфордыг сонсдог. Тэр биднийг Эзэн Есүст дурлуулахыг хүсдэг юм шиг” гэж тариачин дүүдээ хэлэв.
-“Амьдралдаа хэзээ ч ийм дэмий юм сонсож байсангүй!” гэж дүү нь хэлсэн боловч, Эзэн Есүс ахынх нь амьдралыг өөрчилсөнийг сайн  мэдэж байлаа. 

Анвотод хэцүү байсан ч, Самүэль зүтгэн ажилласаар байлаа. Залуухан гэргий нь жилийн турш хүндээр өвдөж байгаад нас барж, хоёр хүүхэд нь ч тэндээ нас баржээ. 1636 онд Самүэль “хүн Бурханы нигүүлслээр болон онцгой сонголтоор аврагддаг” тухай ном хэвлүүлжээ. Харамсалтай нь үүнд нь сүмийн эрх баригчид дургуйцэж, Самүэлийг шүүхэд дуудав. Шүүх Самүелийг Абердин рүү цөллөгт явуулжээ. 

Самүэль Абердиний саарал боржин барилгуудыг ширтэн зогсохдоо, “Анвот руугаа явах юмсан. Тэндхийн хүмүүсийг харж, Есүсийн хайрын тухай ярих юмсан” гэж боджээ.

Тэгээд суугаад, цуглаануудыхаа нэг рүү захиа бичиж эхлэв. Энэ нь Абердинээс Анвот руу бичсэн түүний мянга мянган захидлын нэг байв. Түүний захиа хайраар дүүрсэн учраас хүмүүс тэднийг нь ном дотроо хадгалж, өнөөг хүртэл уншдаг.

1630 онд Шотланд орон их үймээн самуунтай байлаа. Хаан нь Шотландын сүмийг хилийн өмнө зүгт байдаг сүм шиг болгох гэсэн нь ард түмэнд таалагдсангүй. 1638 оны том нүүдэл суудлын дундуур Самүэль Абердинээс Анвот руу явж амжжээ. 

Тэрбээр Шотландын зүүн хойд нутгаас баруун урд руу явахдаа: “Хорогдож буй алхам бүрээр би Анвотдоо ойртож байна. Бас хүмүүстээ ойртож байна” гэж бодсоор явав.

Самүэль Анвотод удаагүй байхад, Шотландын чуулган Ерөнхий Хуралдай хийж, хааны чуулганаас чөлөөлөгдөв. Үүгээр ч барахгүй, тэр  Хуралдайгаар Самүэль Рүтерфордыг Ариун Эндрюгийн Их Сургуулийн Теологийн Профессороор томилжээ. 

Самүэль хайртай дотны хүмүүстэйгээ гунигтайгаар салах ёс хийгээд, Анвотоос цааш явав. Таван жилийн дараа Самүэль Лондонд айлчлав. Тэрбээр үйлчлэгч нарын том чуулга уулзалтад уригджээ. Тэд Библи яг юу заасныг гаргасан хичээлүүдээ нэгтгэн нэг ном болгосон бөгөөд өдгөө үүнийг нь  “Вэстминстерийн итгэлийн тунхаг” гэдэг. Тэд бас Их, Бага Катекисмыг эвлүүлэн гаргажээ. Үүнийг ч одоо хэрэглэдэг.

Самүэль Лондоноос буцаж ирэхдээ: “Гэртээ ирэх ямар сайхан юм” хэмээн хамтран зүтгэгчдээ хэлжээ: “Би Тамэс голын өмхий үнэрт биш, далайн сэнгэнэсэн үнэрт дуртай.”

-“Та цаашдаа ямар төлөвлөгөөтэй байна?” гэж нэг нөхөр нь асуусанд, Самүэль толгой дохиод: “ Мэдээж сурагчиддаа заасаар байна. Бас бичих шаардлагатай хэд хэдэн ном бий” гэж хариулав. 
-“Юуны талаар юм?” гэж нөгөө хүнийг асуухад,

Самүэль жаахан бодсоноо: “Хаан болон сүмийн харилцааны талаар. Бурхан бол хаадын Хаан. Үүнийг энэ улсын хаан мэдэх ёстой” гэжээ.

Өөр нэг багш толгой сэгсрээд: “Ийм ном бичих хэрэгтэй гэж үү? Нэрд гарахгүй дээ!” гэв. 

Тэгсэн ч Самүэль номоо бичсэн юм. Хаан уг номд дургүйцэж,  Рүтерфордыг төр засгаасаа урвасан хэргээр 1661 онд шүүхэд дууджээ. Самүэль тэр үед хүнд өвчтэй байсан тул явахаас татгалзсан юм. Түүнд дуудах хуудас авчирч өгөхөд, тэрбээр мэдээ хүргэгчид: “Би эхлээд өөрийнхөө  дуудлагыг биелүүлэх ёстой. Тэгээд та нарын цаг ирэхээс өмнө би аль хэдийнээ цөөхөн хаан, олон жирийн хүмүүс очдог газар байх болно” гэж хэлжээ. Түүнийг шүүхээр товлосон өдөр болоход, Самүэль Рүтерфорд аль хэдийнээ тэнгэрээс дуудсан Бурханы дуудлагыг хүлээж аваад, насаараа хайрлаж, итгэмжтэй үйлчилсэн хаадын Хаантайгаа уулзаад байв.

Самүэль Рүтерфордын хүүхэд насны түүх ...