Төр засгийнхаа төлөө залбиръя (цахим ном бүтэн)

Чуулган даян дэлхийд эрх мэдлээ олон арга замаар өсгөн нэмэгдүүлж чадна. Харин би өөрийн зүгээс та бүхэнд дөрвөн зүйл санал болгомоор.

Чуулган даян дэлхийд эрх мэдлээ олон арга замаар өсгөн нэмэгдүүлж чадна. Харин би өөрийн зүгээс та бүхэнд дөрвөн зүйл санал болгомоор байна: залбирал, гэрчлэл, номлол ба сайн үйлс. Эдгээр арга замаар чуулган газар дээр нэр нөлөөгөө хэрэгжүүлэх нь Бурханы хүсэл мөн. 

Чуулган залбирлаар дамжуулан дэлхийн үйл хэрэгт удирдах нөлөө үзүүлэхийг Бурхан хүсдэг. Бичээс ч үүнийг тодорхой хэлдэг. Чуулган ингэж чадахгүй бол, амтаа гээсэн давсаас дээрдэх юмгүй болно. 

Шастирын дэд 7:14: “Миний нэрээр дуудагдсан Миний хүмүүс өөрсдийгөө даруу байлган залбирч, Миний нүүрийг эрэлхийлж, бузар муу замуудаасаа эргэх аваас Би тэнгэрээс сонсож, тэдний нүглийг уучлан, тэдний газар нутгийг эдгээнэ.”

Соломон Эзэнд зориулж барьсан өргөөгөө Түүнд өргөсний дараа Бурхан түүнд энэ илчлэлийг өгчээ. “За тийм ээ, энэ чинь эрт дээр Хуучин гэрээний цагт Соломонд өгсөн амлалт тул өнөөгийн бидэнд ямар хамаатай?” гэж эгдүүцэх хүн та бүхний дунд байгаа биз. Тэгвэл би товч бөгөөд тодорхой хариулахыг хичээе. 

2Коринт 1:20 дээр “Учир нь Бурханы бүх амлалт Түүний дотор “За” гэдэг. Тиймд бид Бурханы алдрын тулд Түүгээр дамжуулан “Амень” гэдэг” гэжээ. Зарим нэг амлалт бус, бүх амлалт нь! Өнгөрсөнд За бөгөөд Амень байсан бус, харин яг одоо “За бөгөөд Амень” байна. Зөвхөн За бус, харин Бурханы адрын тулд Түүгээр дамжуулан “За бөгөөд Амень!” гэдэгт эргэлзэх хэрэггүй. “Бид” гэдэг нь Христэд итгэдэг бүх хүнийг буюу та бид хоёрыг хэлж байгаа юм. Бид Бурханыг хэрхэн алдаршуулах вэ? Түүний амлалтыг тунхагласнаараа! Бурханы амлалтыг тунхаглах тусам, Бурханыг алдаршуулна. Өнөөдөр Бурханы бүх амлалт Христийн дотор бидэнд боломжтой юм. 

Шастирын дэд 7:14-р ишлэлийг одоо эргэж хараад, энэ амлалт өнөөгийн та бид хоёрт яаж хамаатахыг та одоо харж буй гэдэгт итгэж байна! 

Бурхан “… Миний нэрээр дуудагдсан Миний хүмүүс” гэжээ. Үүнийг уг Еврей хэл дээрээ “Миний нэрээр дуудуулагч Миний хүмүүс” гэдэг. Христэд итгэгч гэж дуудуулах нь ямар утгатай вэ? Энэ нь та Христийн нэрийг тээнэ гэсэн үг. Та Христийн нэрийг тээгч гэсэн үг. Та Христийн нэртэй холбоотой аж. Та Христ гэдэг нэрийн улмаас Христэд итгэгч хэмээн дуудуулах болжээ. Тэгэхээр, энэ амлалт нь Христэд итгэгчдэд буюу Бурханы нэрийг тээгч хүмүүст хамаатай ажээ.  

Түүний хүмүүс дөрвөн зүйлийг хийбэл, Бурхан гурван зүйл хийнэ гэсэн. Бурхан амласан гурван зүйлээ биелүүлэхээс өмнө эхлээд Түүний хүмүүс дөрвөн зүйл хийх ёстой. Энэ бол болзолтой амлалт. Бурхан зүгээр хийж өгнө гэж амлаагүй. Бурхан “Хэрэв Миний хүмүүс Миний болзлыг хүлээн авбал, Би гурван зүйл хийнэ” гэсэн. 

Бурхан хамгийн сүүлд газар нутгийг маань эдгээнэ гэж амлажээ. Энэ нь бидний аж төрж буй энэ газар нутгийг хэлж буй. Аж төрөн суугаа гаар нутгаа үхээх эсвэл сэхээх мэдэл нь Түүний хүмүүсийн гарт байдгийг Бурхан айлдруун. Амьдран суугаа газраа нэг хар даа. Газар нутагт маань эдгэрэл хэрэгтэй байна гэдэг нь Бурханы хүмүүс Эзэнийхээ хэлснийг хийж чадаагүйг л илэрхийлж буй. Энэ бол хар тамхичин, янхан, чуулганы босгыг давж үзээгүй хүний үүрэг бус, харин та бидний үүрэг мөн. Энэ нь Бурханы нэрээр дуудуулагч хүмүүсийн үүрэг! 

Хэрэв бидний газар нутаг эдгээгүй бол, бид л Бурханы үгийг биелүүлээгүйгээс тэр ажээ. Би үүнд эргэлзэхгүй. Энэ нь үндсэндээ Матай 5:13 дээрх Есүсийн үгтэй утга нэг юм: “Та нар бол газрын давс. Хэрэв давс амтаа алдбал дахиад яаж давслаг болгох вэ? Энэ нь гадагшаа хаягдаж, хүмүүсийн хөлд гишгэгдэхээс өөр юунд  ч хэрэг болдоггүй.” Хэрэв бид газар нутгаа эдгэрэлд хүргэж чадахгүй байвал, амтаа алджээ гэсэн үг.

Давс ямар үүрэгтэй вэ? Нэгдүгээрт - амт оруулдаг. Бурханы мэлмийд - бид газрын давс ажээ. Бид газар дээр амьд яваа цагтаа газарт амт оруулдаг. Бурхан бидний оршихуйн улмаас дэлхийд уур хилэнгээр хандаж, шүүлгүй, харин өршөөл нигүүлслээ үзүүлдэг. 

Би очсон газар бүрийдээ өөрчлөлт авчирдаг гэдэгтээ итгэдэг. Үүнийгээ Дэлхийн I Дайны үеэр мэдэж авсан юм. Миний дэргэд бусад цэргүүд аюулгүй байдаг байлаа. Аврагдаагүй цэргүүд ч үүнийг мэддэг байв. Манайхныг Хойд Африкийн бөглүү мухарт байхад, Бурханыг ойшоодоггүй зарим цэргүүд хүртэл надад “Байлдагч Принс, чамайг энд байгаад баяртай байна!” гэж хэлдэг байж билээ. Елиша Елиад юу гэж хэллээ? “Эцэг минь, эцэг минь, Израилийн тэрэгнүүд, тэдгээрийн морьтнууд аа!” гэж хэлдэггүй юу (2Хаад 2:12). Тэд хаа байлаа? Хаадын дэргэд бус, харин зөнчдийн дэргэд байсан. 

Бид бол улс орныхоо хамгаалалт, улс үндэстнийхээ багана болсон хүмүүс билээ. Содомын жишээг эргэцүүлнэ үү. Абрахам Бурханаас “Энэ хотод арван зөвт хүн байвал, Та энэ хотыг хэлтрүүлэх үү? гэж асуутал, Бурхан “Тэгнэ” гэж хариулсан. Гэхдээ тэндээс арван зөвт хүн олдоогүй учраас Бурхан тэр хотыг хэлтрүүлж чадаагүй юм. Содом хот хэдэн хүнтэй байсныг би мэдэхгүй. Гэхдээ тоон харьцаа нь бидэнд хамаатай. Аравхан зөвт хүн Содомын дайтай хотыг аварч чадах байж. Тэгвэл, мянган зөвт хүн Содомоос зуу дахин том хотыг аварч дийлнэ. Үүнчлэн цааш хөвөрнө. 

Чуулган энэ дэлхийг орхих үед дэлхий яана даа гэж бодохоос элэг эмтэрмээр. Газар дэлхий давсгүй болно. Газар дэлхий дээр уур хилэн шүүлт эцэс төгсгөлгүй, зогсоо зайгүй асгарна. 

Нөгөөтэйгүүр давс хамгаалдаг. Ялзарч муудахаас сэргийлнэ. Хөргөгчинд хийхээсээ өмнө махыг давсалдаг. Яаж гэж?  Ялзарч муудахаас хамгаалах гэж. Ёс зүй, нийгэм, улс төр гэх мэт бүх төрлийн ялзралаас. Тэгэхээр, бид газар дэлхий дээр ийм л үүрэгтэй байх нь. Есүс “Хэрэв давс амтаа алдбал дахиад яаж давслаг болгох вэ? Энэ нь гадагшаа хаягдаж, хүмүүсийн хөлд гишгүүлэхээс өөр юунд ч хэрэг болдоггүй” гэж айлдсан. Чуулган давс байх үүргээ биелүүлж чадахгүй бол, гадаа асгуулж, түмний хөлд гишгүүлнэ. Тэдгээр хүмүүс нь коммунис, нацист эсвэл хараахан тодроогүй буй аль нэг “измын” дагалдагч нар байж мэднэ. Ямар ч байсан тэд дэлхийн давс байх үүргээ гүйцэтгэж чадаагүй чуулганыг уландаа гишгэлэх хүмүүс юм. 

Тэгвэл, Бурхан хүмүүсээсээ юу хүснэ вэ? Нэн түрүүнд “Миний хүмүүс өөрсдийгөө даруу байлга… .” Энэ нь итгэгч хүмүүсийн хувьд маш хэцүү даваа байдаг. Би даажигнаагүй, харин чин сэтгэлээсээ ярьж байна. Хүмүүс заримдаа “Бурхан минь, намайг даруу болгооч” гэдэг. Гэтэл Бурхан ингэж хэлээгүй. Бурхан “Өөрийгөө даруу байлга” гэснээс биш, “Би чамайг даруу болгоно” гэж айлдаагүй. Бурхан таныг даруу болгож чадахгүй. Бурхан таныг номхруулж чадна. Харин та өөрөө л өөрийгөө даруу болгож чадна. Даруу байдал нь чин сэтгэлээс гарах ёстой. Үүнийг өөрөө хийх арга үгүй. Та өөрөө л өөрийгөө даруу болгохгүй бол, таныг яаж ч доош хийж байсан ч, тогос шиг гэдгэр хэвээрээ үлдэнэ. 

Тэгэхээр, эхний болзол нь даруу байж, Бурханд өөрийгөө өргөх ажээ. Бид Бурханд бүрэн захирагдбал, Түүний үг ба эрх мэдэлд ч бүрэн захирагдана. Бурханд захирагддаг гэж хэлэх амархан. Гэхдээ Бурханы үгийг анхаарна уу:  “Христээс эмээн нэг нэгдээ захирагд. Эхнэрүүд ээ, Эзэнд захирагддаг шиг нөхрүүддээ захирагд… .” (Ефес 5:21-22;6:1). Энэ маш хэцүү зүйл. Хүмүүс Бурханд захирагддаг гэж ярьдаг ч, бусадтай харилцах харилцааг нь шалгахад, тэс өөр хариулт гардаг. Хэрэв та биеэ энгийн даруу авч явж чаддаг бол, та чалчигч бус, харин үнэхээр үйлдэгч ажээ. 

Бурханы өмнө нүүрээрээ газар унах нь уг нь тийм ч эвгүйцээд байх зүйл биш юм. Та хэвтэж үзсэн үү? “Бурхан минь, би Таны өмнө байх ёстой газраа хэвтэж байна! Би бол шорооноос үүссэн, өт хорхойноос дээрдэх юмгүй хүн” гэж хэлж үзсэн үү? Хэт хийсвэр санагдаж байна уу? Тэгвэл Библиэ хар. Абрахам, Мосе, Давид, Даниел тэргүүтэй Бурханы аугаа хүмүүс Эзэнийхээ өмнө нүрээрээ хөсөр хэвтэж байсныг сана. Ер нь Эзэнийхээ өмнө ингэж хэвтээгүй Бурханы аугаа зарц нэг ч үгүй гэхэд хилсдэхгүй. Хэрэв Мосе, Давид, Даниел нар ингэж хэвтэхээсээ ичээгүй бол, таны нэр хүнд ч сэвтээд сүйд болохгүй биз ээ. 

“Хэрэв Миний хүмүүс өөрсдийгөө даруу байлган… .” Энэ бол анхны алхам бөгөөд үүнийг алгасч болохгүй. Бурхан сүнслэг сургалтын хөтөлбөрөө дөрвөн ангиар тогтоожээ. Та нэгдүгээр ангиа дүүргэхээс нааш хоёрдугаар ангид сурч чадахгүй. Арван жил нэгдүгээр ангидаа улирсан ч хамаагүй, Бурхан таныг анги дэвшүүлэхгүй. Тиймээс л зарим хүн нэг төвшиндөө гацчихдаг юм. “Бурхан минь, би 1-р ангидаа базаахгүй сурсан ч, 2-р ангидаа амжилт үзүүлнэ. Намайг дэвшүүлчих, тэгэх үү?” гээд аргалчихна гэж бүү сана. Тийм юм байхгүй! 

Хоёр дахь алхам нь залбирал билээ. “Миний нэрээр дуудагдсан Миний хүмүүс өөрсдийгөө даруу байлган залбирбал… .” Өөрийгөө даруу болгоогүй байж, залбирах гэж бүү яар. Залбирлын өмнө даруу зан явна. 

“… залбирч, Миний нүүрийг эрэлхийлбэл.” Гурав дахь алхам нь Бурханы царайг хайх. Энэ юу гэсэн үг вэ? Энэ нь аугаа хүчирхэг Бурханы оршихуйд шууд яваад орчихыг хэлж буй гэдэгт би итгэдэг. Тэнд та ямар ч саад тотгоргүй, Аугаа хүчирхэг Бурхантай нүүр нүүрээрээ уулзалдана. Залбирлын цуглаан гэдэг нь яг ч Бурханы царайг эрэлхийлж буй явдал биш юм. 

Нэгэн залуу Ариун Сүнсний баптисм хүртэх талаар надтай уулзав. Тэрбээр чуулганы шинэхэн ажилтан байлаа. Би түүнтэй гурав дахийн орой уулзъя гэтэл тэрбээр тэр орой залбирлын цуглаантай гэлээ. Намайг “Тэгэхээр, тохиромжгүй цаг байх нь” гэтэл залуу “Үгүй, харин ч тохиромжтой юм биш үү? Бид 20-21 цагийн хооронд залбирдаг” гэж билээ. Уг нь залбирлын цуглаан нь залбирлын цуглаан л болохоос биш, яг ч Бурханы царайг элэхийлж буй явдал биш л дээ. Бурханы царайг үнэхээр эрэлхийлж буй хүмүүс бүтэн шөнийг авсан ч хамаагүй, Түүний оршихуйд орон ортлоо замаасаа буцдаггүй. Бурханы царайг хайдаггүй заблирлын цуглаан зөндөө бий. Тэд Бурхантай түр хугацаанд холбогдоод л холбоо тасарчихдаг. 

Дөрөв дэхь алхам нь “… бузар муу замуудаасаа эргэх… .” Хэн эргэх гэж? Архичин эсвэл чуулганд явдаггүй залуус уу? Үгүй, Христэд итгэгчид - Бурханы хүмүүс!  Сэргэлтэд тушаа болдог зүйл нь чуулганы гадна бус, хэзээд дотор байдаг. 

Шүүлт ханаас эхлэхийг та мэдэх үү? Бурханы өргөөнөөс. “Яагаад гэвэл шүүлт Бурханы гэр бүлээс эхлэх цаг болжээ. Хэрэв энэ нь биднээс эхэлбэл Бурханы сайн мэдээг дагадаггүй хүмүүсийн төгсгөл юу болох вэ?” (1Петр 4:17). Үүнийг улам тодорхой болгохын үүднээс Петр “биднээс эхэлнэ” хэмээн нэмж хэлсэн байна. Харин дараа нь “Тэгвэл, Бурханы сайн мэдээг дагадаггүй хүмүүс яах билээ?” хэмээн асуужээ. Бурхан ямагт ийм арга замаар л ажилладаг. 

Тэрбээр ямагт сайн мэддэг хүмүүсээс л эхэлдэг. “Харин үүнийг мэдээгүй бөгөөд ташуурын амт хүртэх хэрэг үйлдсэн нэг нь багахан хүртэнэ. Хэнд их нь өгөгдсөн байна, түүнээс ихийг шаардана. Хэнд их нь даалгагдсан байна, түүнээс ихийг шаардана” (Лук 12:48). “Принс гуай, би уг нь гайгүй хүн л дээ” гэж та хэлбэл, өөдөөс тань би “Та Бурханд хангалттай ойрхон биш л байна даа. Хэрэв та Бурханы оршихуйд орсон бол, бузар муу талаа олж харах л байсан” гэж хэлмээр байна. Муу муухай тал байхгүй гэдэг нь Бурханаас хаа хол байгааг тань л илтгэж буй. 

Энэ дөрвөн алхмын дараа Бурхан “Би тэнгэрээс сонсоно…” гэв. Бурхан залбирал бүхнийг сонсох албагүй гэдийг та мэдэх үү? Олон чуулганы залбирал таазнаасаа хальдаггүй. Бурхан залбирал бүхнийг сонсох албагүй. Бурхан “Бид юу ч гуйсан, Тэр биднийг сонсоно гэдгийг бид мэдбэл, бид Түүнээс гуйснаа авсан болохыг мэднэ” гэдэг (1Иохан 5:15). Бурханаас хариулт авахдаа бус, харин Бурханы сонорт залбирлаа хүргэх л хамгийн хэцүү. 

“…тэдний нүглийг уучилж… .” Хэний нүглийг? Янхан, хар тамхичны нүглийг үү? Үгүй, чуулганы нүглийг?

“… газар нутгийг нь эдгээнэ.” Надад л лав бүх зүйл тодорхой байна. Газар нутаг эдгээгүй бол, үүний буруутан нь Бурханы хүмүүс. Би энэ талаар эргэцүүлж, залбирч, тунгаан бодож үзсэн. Танай улсын өнөөгийн нөхцөл байдлын төлөө чуулган л хариуцлагатай. Газар нутаг маань эдгээгүй бол, үүнд бид хариуцлагатай. Бид гэдэг нь та бид хоёр. Энэ нь ганц миний юмуу ганц таны бус, харин бид бүгдийн хариуцлага. 

ЗАЛБИРЛААР ИРЭХ ЭДГЭРЭЛ 

 

Бид яаж эдгэрэл авчрах вэ? Би тантай залбирлын талаар ярья. Сургаалаа 1Тимот 2-р бүлгийн эхний дөрвөн ишлэл дээр тулгуурлая:

“Тиймээс бүх хүний төлөө гуйлт, залбирал, зуучлан залбирал хийгээд талархлаа өргөхийг юуны өмнө чамд чухалчлан зөвлөж байна.” 

Хаадын төлөө дээгүүр тушаалтай бүх хүний төлөө залбир. Тэгвэл бид сүсэглэл ба хүндлэлтэйгээр амар тайван, төвшин амьдралаар амьдрах болно.” 

Энэ нь биднийг Аврагч Бурханы мэлмийд сайн бөгөөд тааламжтай.”

“Тэрбээр бүх хүмүүсийг аврагдаасай, үнэний мэдлэг рүү ирээсэй гэж хүсдэг.” 

Паул “нэн тэргүүнд залбиръя!” гэжээ. Танд төрөл бүрийн төлөвлөгөө, систем, хөтөлбөр байвч, залбирал байхгүй бол, энэ бүхнээ ажиллуулах тоггүйтэй адил юм. Яг л байшингийн цахилгааны бүх утсыг ном ёсоор нь холбовч, эх үүсгүүртэй нь залгаагүйтэй адил. Юу ч ажиллахгүй. Чанартай цахилгаан утас, хүчтэй чийдэн байвч тоггүй бол ямар ч ашиггүй. Залбирал бол Христэд итгэгчдийн цахилгаан станц бөгөөд Паул ч “нэн тэргүүнд залбирцгаая” гэсэн нь ойлгомжтой юм. 

Паул биднийг юуны төлөө залбир гэсэн? Нэгдүгээрт - “Хаад болон дээгүүр тушаалтай хүмүүсийн төлөө.” Бурханы хүмүүсийн дийлэнх хувь нь эрх баригчдын төлөө “нэн тэргүүнд” залбирах нь бүү хэл, залбиралдаа багтаах нь ч ховор байдгийг би амьдралаас харсан. Хэрэв та эпископаль хүн бол, таны заблирлын номд эрх баригчдынхаа төлөө залбир гэсэн үг байгааг би баттай мэдэж байна. Энэ нь ч сайн хэрэг. Гэхдээ би Англикан хүнийхээ хувьд сурсан өөр нэгэн зүйлээ хуваалцъя. Залбир гэж хэлэх нь нэг хэрэг, залбирах нь тэс өөр хэрэг юм. Эдгээр нь тэнгэр, газар шиг ялгаатай. 

Залбирлын нэн тэргүүний сэдэв юу вэ? “Эрх баригчид: ерөнхийлөгч, их хурлын гишүүд, төлөөлөгчид, хотын дарга, засаг дарга, цэргийн дарга нар - эд бүгд. Та тэдний төлөө залбирдаг уу? Та ерөнхийлөгчийнхөө төлөө хэзээ хамгийн сүүлд залбирсан? Хамгийн сүүлд та залбирсан уу, шүүмжилсэн үү? Эрх баригчдын төлөө залбирах тусам, шүүмжлэх чинь багасна. Бурхан таныг шүүмжлэлд дуудаагүй, залбиралд дуудсан. Залбирахгүй аваас та дуулгаваргүй загнаж байна. Би Британи хүн. Гэхдээ Америкийн ерөнхийлөгчийн төлөө өдөр бүр залбирдаг. Үүнийг гэргий маань ч гэрчилнэ. Бид энэ аугаа улсын ерөнхийлөгчийн төлөө өдөр бүр шахуу залбирдаг. Түүнд залбирал хэрэгтэй. Тэр ч үүнийгээ мэддэг байх. 

Эрх баригчдын төлөө залбирах нь ямар хэрэгтэй вэ? Энэ бол Библид буй хамгийн учир зүйтэй, ойлгомжтой залбирал юм. Хоёрдугаар ишлэлийн хоёр дахь хэсэгт “Тэгвэл бид сүсэглэл ба хүндэтгэлтэйгээр амар тайван, төвшин амьдралаар амьдрахын” төлөө залбир гэжээ. Энгийнээр хэлэхэд “сайн төр засагтай” байхын төлөө залбир. Та үүнтэй санал нийлэхгүй гэж үү? “Сүсэглэл ба хүндэтгэлтэйгээр амар тайван аж төрье л” гэж байгаа бол, сайн төр засгийнхаа төлөө залбир. 

Гуравдугаар ишлэлд Паул “Энэ нь бидний Аврагч Бурханы мэлмийд сайн бөгөөд тааламжтай” гэжээ. “Энэ нь” гэж юуг хэлнэ вэ? “Бид сүсэглэл ба хүндэтгэлтэйгээр, амар тайван аж төрөхийг” буюу товхондоо “сайн төр засагтай байхыг” хэлж байна.

Яагаад Бурхан амар жимэр, хууль ёстой, сайн засгийг хүснэ вэ? Хамгийн бодитой, практик шалтгааны улмаас. Учир нь тэрбээр бүх хүн аврагдаж, үнэний мэдлэг рүү ирээсэй гэж хүсдэг. Тэгвэл ямар нөхцөл байдалд бүх хүнд үнэнийг мэдүүлэх амархан бэ? Шударга үнэн, хууль журам, иргэний эрхийг дээдэлдэг засаглал дор уу? Эсвэл хүчирхийлэл, хууль журамгүй байдалдаа идэгдсэн, шударга бус, дарангуйллын дор уу? Аль засаглалын дор хүмүүст үнэийг авчрах амархан бэ? Юм ойлгодог хүн сайн засаглал дор гэж хариулна. Түүний гол зорилго болох Сайн мэдээ тархах үйл явсыг дэмжин тэтгэдэг учраас Бурхан сайн засаглалыг хүсдэг. Энд ойлгож ядаад байх зүйл байхгүй. Харин ч тун тодорхой бөгөөд ойлгомжтой байна. 

Дахин хэлье! Итгэлийн үйлсдээ нэн тэргүүнд - залбир! Залбирлын хамгийн тэргүүний сэдэв бол эрх баригчид. Яагаад тэдний төлөө залбирах ёстой гэж? Бид бурханлаг, тайван, амар амгалан, амьдарч чадахын тулд. Яагаад үүний төлөө залбирах ёстой гэж? Учир нь энэ нь Сайн мэдээ дэлгэрүүлэхэд тустай учраас. Учир зүйтэй биш байна гэж үү? Миний үг таныг ятгаж дийлэхгүй байна уу? Миний хувьд энэ бүхэн маш энгийн бөгөөд тодорхой ойлголт байна. Энэ нь ээдрээтэй нууц биш. Үгийнхээ гэрлээр бидэнд нууцыг тайлж өгсөн Бурхандаа талархъя! Энэ үнэхээр бодитой хэрэгждэг. Сайн засаглалтай байх нь Бурханы хүсэл гэдэгт би итгэдэг. Бусад улсын талаар ярихаа байя. Зөвхөн өөрийнхөө улс дээр л төвлөрье. Тухайлбал, Монгол улс сайн засаглалтай байх нь Бурханы хүсэл. 

Бид Бурханы хүслээр залбирбал юу болно гэж Библи хэлсэн билээ? 1Иохан 14-15: “Бид Түүний хүслийн дагуу юуг ч гуйсан, Тэр биднийг сонсдог гэдэг нь Түүний өмнө бидэнд байгаа итгэл зориг юм. Бид юу ч гуйсан, Тэр биднийг сонсоно гэдгийг бид мэдбэл, бид Түүнээс гуйснаа авсан болохыг мэднэ.” Өөрөөр хэлбэл, та Бурханы хүслийн дагуу залбирбал, Бурханы таныг сонссон бөгөөд гуйлтынхаа хариултыг хүлээн авсан гэдэгтээ итгэлтэй байж болно. Хэрэв энэ улс сайн засаглалтай байх нь Бурханы хүсэл бөгөөд та үүнийг нь ухааран сайн засаглалын төлөө залбирбал, Бурхан биднийг сонссон буюу бид ч хүссэн гуйлтынхаа хариултыг авсан гэдгээ мэднэ. Хэрэв төр засаг маань базаахгүй байвал, шалтгаан нь юу вэ? Бурханы хүмүүс Бурханы болзлыг хүлээн аваагүй, залбираагүй ажээ. 

Ер нь бол ямар төр засагтай байхыг Христэд итгэгчид л шийднэ. Мэдээж цаг хугацаа гэж нэг юм бий. Бүх зүйл тэр даруй өрнөхгүй. Гэхдээ л итгэгчид төр засгийнхаа төлөө хариуцлагатай. Багахан шиг шүүмжлээд, ахиухан шиг залбирбал, шүүжмлэх зүйл ч багасна.

Энэ бүхэнд маш тодорхой сүнслэг шалтгаан бий. Яагаад Бурханы хүмүүс хариуцлагатай гэж? Яагаад гэвэл бид л үүрэг хариуцлагыг нь биелүүлж чадах цорын ганц хүмүүс. “Учир нь бидний тэмцэл бол махан бие ба цусны эсрэг биш, харин захирагчид, эрх мэдэл, энэхүү харанхуй ертөнцийн хүчнүүд, тэнгэр дэхь бузар муугийн сүнслэг хүчний эсрэг билээ” (Ефес 6:12). Паул тэмц гэсэн. Харин үүнийг Англи хэл дээр барилд гэдэг. Тэгэхээр, бид барилддаг байх нь. Гэхдээ энэ маань махан бие ба цусны эсрэг барилдаан биш юм. Паул эртний олимпийн наадмаар жишжээ. Олимпийн тэмцээнүүд дундаас тамирчин хүнээс өөрөөс нь хамгийн их шалтгаалдаг спорт бол бөх гэдэгтэй түүхчид санал нийлдэг. Тэгэхээр, бидний итгэлийн амьдралыг бөхтэй зүйрлэбэл яг таарна. Бөхчүүд бүх хэсэг, эд эсээрээ барилддаг. Итгэлийн амьдрал ч яг тийм. Таны бүх эд хэсэг оролцоно. Бид барилдаж байна. Гэхдээ махан бие ба цусны эсрэг бус. Бид хүнтэй барилдаагүйг Паул хэлсэн. 

Тэгвэл бид юутай барилдаж байна? 

-Захирагчид - үл үзэгдэгч ертөнцтэй. 
-Эрх мэдэл - энэхүү үл үзэгдэгч ертөнцийг эзэгнэдэг эрх мэдлийн талбартай. 
-Энэхүү харанхуй ертөнцийн хүч - үгчилбэл “энэ цагийн дэлхийг ноёлогч харанхуйн захирагчидтай.” 
-Бузар муугийн сүнслэг хүчний эсрэг - үгчилбэл “бузар муу сүнстэй.” 

Энэ тэмцэл хаана өрнөж байна? “Өндөр газарт” буюу үгчилбэл “тэнгэрт.” Бурханы энэ илчлэлийг итгэгч хүн бүр мэдэх ёстой. Бурхантай, Бурханы зорилготой дайсагнадаг, нарийн бүтэц зохион байгуулалттай, бүхэн бүтэн хаанчлал бий. Энэ бол Сатаны хаанчлал, Сатанд хаанчлал буйг Есүс айлдсан. Цаашилбал Сатан хаанчлалаа бүрэн захирдаг. Энэ бол даяараа Бурханыг эсэргүүцэгч, хуваагдаагүй хаанчлал. 

Энэ хаанчлал “тэнгэрлэг газарт” байршдаг. Энэ “тэнгэрлэг газар” нь Бурханы оршдог гурав дахь тэнгэр ч бус, бидний нүдэнд харагддаг нэг дэхь тэнгэр ч биш, харин завсрын буюу хоёр дахь тэнгэр гэдэгтэй Библийн ихэнх тайлбарлагч санал нийлдэг. Дэлхийн тэнгэрийн дээр Бурханы зүг, Бурханы зорилго ба хүмүүсийн зүр тавирашгүй хорсол тээдэг харанхуйн хаанчлал оршдог. Энэ хаанчлалын дайсны тоонд та бид хоёр ч орно. Диавол таныг хамаг байдгаараа үзэн яддаг. Тэр таныг хорлож, устгахын тулд чадах бүхнээ хийнэ. Тэр хулгайлж, алж устгахаар ирдэг. Тэр асар хүчтэй нэгэн. 

Энэ харанхуйн хаанчлалыг нураах нь итгэгч бидний үүрэг. Үүнийг ерөнхийлөгч, генералууд хийж чадахгүй. Учир нь тэдэнд зэвсэг нь байхгүй. Мах цусны эсрэг дайн байсан бол, бид танк, хуягт, онгоц хөлөглөхсөн. Гэтэл энэ дайн мах цусны эсрэг биш тул энэ бүхэн нь ямар ч үр нөлөөгүй. 

Олон улс төрч яг ийм дүгнэлтэд хүрээд байна. Тэд яг ингэж хэлж мэдэхгүй ч, ийм л санаа хэлдэг. Улс төрчид хариулт олохгүй асуудалтай тулгараад буйгаа хүлээн зөвшөөрч байна. Библи үүнийг л хэлдэг. 

Энэ бол мах цусны эсрэг дайн бус. Та нацистыг хөнөөж болох ч, нацизмыг хөнөөж чадахгүй. Та хүмүүсийг хороож болох ч, үүгээрээ тэдний цаана буй сүнслэг хүчийг шийдэхгүй. Хүн аллаа гээд асуудал арилахгүй. 2Коринт 10:3-5 дээр Паул ийн хэлжээ: “Учир нь бид махан бие дотор алхдаг боловч, махан биеийн дагуу дайтдаггүй. Учир нь бидний байлдааны зэвсэг бол махан биеийнх биш, харин цайзуудыг эвдэж нураах Бурханы хүчит зэвсгүүд юм. Бид цэцэрхэл болон Бурханы мэдлэгийн эсрэг босогч аливаа өндөрлөг зүйлийг устгаж, ямар ч бодол санааг Христийн дуулгавартай байдалд олзлуулдаг.” Бидний дайтдаг зэвсэг нь махан биеийн зэвсэг бус юм. Эдгээр нь бөмбөг, буу, танк бус, харин “цайзуудыг эвдэж нураах Бурханы хүчит зэвсэг юм.” Энд Сатаны цайзын тухай хэлж байна. 

Цайз хаана байгааг тэмдэглээрэй. “Бид цэцэрхэл болон Бурханы мэдлэгийн эсрэг босогч аливаа өндөрлөг зүйлийг устгаж, ямар ч бодол санааг Христийн дуулгавартай байдалд олзлуулдаг.” Энэ тэмцэл оюун санаанд өрнөдөг: цэцэрхэл, төсөөлөл, мэдлэг, бодол санаа. Хүнийг цаазаллаа гээд хандлагыг нь өөрчлөхгүй. Тэрбээр үхсэн ч, хандлагаа тээсээр үхнэ. 

Зүүн Африкийн Мау Маугийн үймээний үеэр Британий эрх баригчид Мау Маугийн хэд хэдэн удирдагчийг цаазлажээ. Миний нэг танил илгээлтийн эзэн энэ явдлыг нүдээр үзсэн юм. Тэд дүүжлүүлэхээр цаазын тавцан руу явж байхдаа “Би буцаж ирнэ, би буцаж ирнэ” гэсээр явжээ. Энэ бол тэр хүний хэлсэн үг биш, харин түүний дотроос чөтгөрйн хэлсэн үг юм. Хүнийг хөнөөлөө ч, дотор нь орогносон чөтгөр буцаад л ирдэг. 

Бид мах цустай тэмцээгүй. Бидний тулааны талбар өөр, бидний дайсан өөр, бидний зэвсэг өөр. Гэхдээ Бурханы зэвсэг маш хүчирхэг! Энэ бол дийлдэшгүй хүчирхэг зэвсэг. Бид хэрэглэж л сурах хэрэгтэй. Зэвсэг маань тааруу учраас бус, хэрэглэж чадахгүй учраас л бид ялагддаг. 

ХУУЧИН ГЭРЭЭНИЙ ЖИШЭЭ

Одоо би танд хөшгийг яран, хүмүүний хэрэг явдлыг хянан захирагч сүнслэг талбарыг дүрслэх Хуучин гэрээний хоёр жишээ өгье. Сүнслэг хүчин зүйлс нь дэлхийн, олон улсын, хувийн хэрэг явдалд хамгийн шийдэмгий нөлөө үзүүлдэг гэдэгт би итгэдэг. Бид түүхэнд гарсан нийгэм, эдийн засгийн том хүчин зүйлсийг хүлээн зөвшөөрөх ёстой. Эдгээр нь жинхэнэ, бодитой хүчин зүйлс боловч, үүний ард ажилладаг сүнслэг хүч л бүхнийг шийдвэрлэдэг. Тиймээс л чуулган дэлхийн хэрэг явдлыг шийдвэрлэгч гол хүчин зүйл болдог юм. Учир нь чуулган бол энэ талбарт нэвтэрч, ажиллаж чаддаг цорын ганц агент юм. 

Езекиелийн 28-р бүлэг энэ хоёр хаанчлалын хамгийн содон тайллыг агуулдаг: хүний захирдаг ил хаанчлал болон Сатаны захирдаг далд хаанчлал. Бүлгийн эхний 19 ишлэлд хоёр хүний төлөө халаглан гашуудсан үгс байна. Нэг нь Тирийн жонон, нөгөө нь Тирийн хаан. Тирийн жонон нь жирийн хүн. Тэрбээр өөрийгөө тахин шүтүүлэх боловч, хүн учраас эрт орой үхэж одох жамтай. 12-18-р ишлэлийг анхааралтай уншбал, нэг л дүгнэлтэд хүрч болно: Тирийн хаан нь Сатан өөрөө ажээ. Тирийн ил хаанчлалын цаана Сатан гэх хаантай Тирийн далд хаанчлал оршино. Ил хаанчлалын хэрэг явдлыг далд хаанчлал шийдэж байна. Гол шийдвэрлэгч нь далд хаанчлал юм. 

Хаанчлал, үндэстэн, аугаа хот бүрийн ард далдын удирдлага байдаг гэдэгт би итгэдэг. Би дэлхий даяар хөндлөн гулд аялахдаа хот бүр янз бүрийн сүнслэг хүчний нөлөө дор байдгийг мэдэрсэн билээ. Тухайлбал, хэдэн жилийн өмнө Берлинд очиход бэлгийн ёс бус харилцаа, тачаалын уур амьсгал ноёрхож байлаа. Чикагод бол хүчирхийллийн сүнс. Шинэ- Орлеанд бол илбэ шид гэх жишээтэй. Хэрэв та сүнслэг хүчинд мэдрэг бол, далд хүчийг гарцаагүй мэдэрнэ. Эдгээр далд хүчийг залбирлын хүчээр хүлэхээс нааш, Бурханы сэргэлт  тэсрэлт болохгүй. Харин хүлж чадбал, сэргэлтийн давалгаа үндэстэн, хаанчлал, хотод үерлэн орж ирнэ. Далд талбар л Бурханы үйл хэрэгт саад учруулдаг. 

Олон жилийн өмнө Аргентинд болсон явдал үүний яруу жишээ билээ. Миллер гэдэг нэгэн илгээлтийн эзэн залуу Аргентинд Бурханы ажлыг хийх өвөр дүүрэн төлөвлөгөөтэй очжээ. Гэтэл Бурхан түүнийг хөдөөгийн нэг жижиг цуглаанд сар гаруй хугацаанд “түгжчихсэн” тул тэрбээр залбирахаас өөр ажилгүй байв. Миллер Аргентиныг ноёлох сүнсний хүчийг хүлж нураахын төлөө залбирсан бөгөөд хэний ч танихгүй, эгэл жирийн энэ Америк эрийн залбирлын улмаас Бурхан “улаан католик” энэ орныг бүхлээр нь аврахын тулд тус улсын хамгийн том цэнгэлдэх хүрээлэнгийн үүдийг нээжээ. Сарын сүүл гэхэд түүний номлолыг сонсохоор 200,000 хүн өдөр бүр цугладаг болов. Энэ бол чуулганы түүхэнд Бурханы тэмдэглэсэн хамгийн содон үйл явдлын нэг бөгөөд далдын хүчийг хүлсний үр дүн байв. 

Хуучин гэрээний удаах жишээ нь Даниелийн 10-р бүлэгт бий. Даниел ард түмнийхээ төлөө тэнгэрийн оролцоо хүсэн 21 хоногийн турш онцгойлон залбирчээ. Энэ хугацааны адгаар тэнгэрэлч Даниелд хариулт авчрав. Тэрбээр Даниелд “Бурханы өмнө өөрийгөө дорд тавихаар зүрхэндээ шийдсэн анхны өдрөөс чинь чиний үгсийг Бурхан сонссон учир би үгэнд чинь хариулахаар ирлээ” гэж хэлжээ. Даниел 21 хоног залбирсан. Гэтэл залбирал нь эхний өдрөө л Бурханы сонорт хүрсэн байв. Тэгвэл яагаад хариултаа 21 хоног хүлээсэн бэ? 13-р ишлэлд тэнгэрэлч учрыг нь хэлжээ: “Гэвч Персийн хаант улсын жонон намайг хорин нэгэн өдөр эсэргүүцсэн. Харин тэргүүн жононгуудын нэг болох Михаел надад туслахаар ирсэн. Учир нь би тэнд Персийн хаадтай хамт үлдсэн байв.” Энэ Персийн жонон нь хүн биш юм. Энэ үйл явдал нь дэлхий дээр болоогүй. Мэдээг тэнгэрэлч авчирсан бөгөөд түүнтэй сөргөлдсөн нэгэн нь бас л тэнгэрэлч байв. Мэдээ хүргэгч тэнгэрэлчид туслахаар ирсэн нэгэн нь ч Михаел нэртэй тэнгэрэлч байв. Энэ нь тэнгэрт өрнөсөн тэнгэрэлч нарын сүнслэг тулаан байжээ. 

Тэнгэрт өрнөсөн энэ их үйл явдлыг газар дээр шийдсэнийг анхаарна уу. Энэ бол гайхамшигтай үнэн. Даниел залбирахаас өмнө юу ч болоогүй. Даниелийн залбирал тэнгэрэлч нарыг хөдөлгөснөөс бус, тэнгэрэлч нар Даниелийг хөдөлгөөгүй юм. Даниел тэнгэрэлч нарыг хөдөлгөсөн. Бурханы хүмүүс бид үйл явдлын өрнөлийг шийддэг. Үүнийг тэнгэрэлч нар бус, харин бид хийдэг. 

Илчлэл 12:11: “Тэд үүнийг Хурганы цус, өөрсдийн гэрчлэлийн үгээр ялжээ.” Бид бол ертөнцийн хэрэг явдлыг шийдвэрлэгч хүчин. Би огт хэтрүүлээгүй. Даниел залбираагүй бол, тэнгэрт ийм зүйлс өрнөхгүй байсан. Тэрбээр хариултаа авахын тулд 21 хоног залбирах ёстой байжээ. Хариулт нь яагаад тэгтэл удав? Даниел Бурханы хүслийн дагуу забираагүйдээ биш, Түүний залбиралд алдаа байхгүй. Хэргийн эзэн нь Персийн жонон буюу Сатан байжээ. 

Заримдаа залбирлын хариулт ирэхгүй уддаг. Энэ нь таны буруугаас болоогүй бөгөөд та ердөө тэр муу жононг замаа зайлуулахын төлөө залбирах хэрэгтэй. Та үүнийг хийж чадахгүй бол, залбиралдаа хариулт авч чадахгүй. Та саадыг залбирлаараа цөм цохиж гарах ёстой. Сатаныг халз тулаанд дуудах хэрэгтэй. Олон хүн үүнээс айдаг. Хэрэв та ийм тэмцэлд орбол “дундаж итгэгчийн таатай амьдрал төгсөж” танд элдэв хүнд дарамт, асуудал, өдөөлт нүүрлэх болно. Эрх баригчдынхаа төлөө залбирч эхэлсэн хүн бүрийг далдын хүч бүсэлдэг. Тиймээс зүрх чинь хүрэхгүй байвал, залбирч эхлэх ч хэрэггүй. Миний үг хатуудаж байж магадгүй. Гэхдээ би үүнийг хэлэх гэж хэлж байна. 

Илчлэл баталгаажсаны дараа 20-р ишлэлд тэнгэрэлч ингэж хэлсэн: “Би чам руу юуны тулд ирснийг чи ойлгож байна уу? Гэвч би одоо Персийн жононтой байлдахаар буцах ёстой. Тиймээс би явлаа, харин харагтун, Грекийн жонон ирэх гэж байгаа.” Эдгээрийн аль нь ч хүн биш, газрын удирдагчдын ард хорогдох Сатаны удирдагч нар юм. Нэр дурьдагдсан хаанчлал бүр нь Ариун газарт ээлж дараалан ноёрхлоо тогтоосон гэдгээрээ алдартай. Эхлээд Вавилон, дараа нь Перс, Грек, Ром. Эдний цаана Сатаны том жонон байсан. Энэ үйл явдлын өрнөл тэнгэрт бус, харин газар дээр залбирах Даниел хэмээх буурал өвгөний залбирлаар шийдэгдсэн юм. 

Езекиел 22:30-31 дээр Бурхан “Би үүнийг устгахгүйн тулд энэ нутгийн төлөө Миний өмнө цоорхойд зогсож, хэрмийг барих хүнийг тэдний дундаас хайсан боловч ганцыг ч олсонгүй. Тийнхүү Би тэдний дээрээс Өөрийн зэвүүцлийг асгалаа. Би Өөрийн уурын галаар тэднийг шатаалаа. Тэдний явдлыг Би тэдний толгой дээр хариулав” хэмээн айлдруун. Бурхан “Хэрэв Би даяар үндэстэн дундаас ганцхан хүнийг олсон бол, тэднийг өршөөх байлаа” гэжээ. Бодоод үзээч! Ганцхан хүн даяар үндэстнийг чиглэх хилэнг зогсоож чадах байж. Гэтэл ингэх хүсэлтэй хүн тэнд ширхэг ч байгаагүй.

Бурхан хүнийг хайдаг! Би хүнийг гэхдээ эрэгтэй хүнийг хэлж байгаа юм шүү. Христэд итгэгч эрчүүд эрийн шинжтэй эр хүн байх цаг хэдийнээ ирчихээд байна. Удирдлага угаасаа эмэгтэй хүнд зориулагдаагүй. Би эмэгтэй хүнийг дорд үзэж байгаа юм биш. Энэ бол эрчүүдийн алдаа. Эрчүүд өнөөдөр үндсэн гурван үүргээсээ няцаад буйг бид мэднэ: эр нөхөр байх, аав байх, сүнслэг удирдагч байх. Бурхан ангал дээр зогсон, хэрмийг барих эр хүнийг хайж байна. Тэрбээр ганцыг ч олж чадахгүй бол, биднийг Хуучин гэрээний Израилийнх шиг хувь тавилан дайрна. Энэ бол танд ч хамаатай зүйл! Та ухаарч харахгүй байгаа бол, Бурхан таны нүдийг нээх болтугай. Та үүрэг хариуцлагаа хүлээхгүй байгаа бол, Бурхан таныг гэмшүүлэх болтугай. 

Дерек Принс 

"Төр засгийнхаа төлөө залбиръя" ном